АРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ

2018-12-04

Барилгын материалын  лаборатори нь  MNS ISO/ IEC 17025:2007 стандартын дагуу чанарын бодлогоо илэрхийлсэн чанарын удирдлагын тогтолцоотой, лабораторийн эрхлэгч, шинжээч гэсэн 2 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус лаборатори нь барилгын материал, хийц бүтээц эдлэхүүн түүний түүхий эдүүдэд физик механик шинж чанаруудыг стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд сорилт шинжилгээ хийн үр дүнг баталгаажуулах, барилгын материалын үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээнд хамруулах зорилго тавин ажиллаж байна.

 

Цемент шохой зэрэг материалын шинж чанарыг  тодорхойлох холбогчийн лаборатори, бетон болон дүүргэгч материалыг шинжлэх бетоны лабораториуд нь бетон, бетон эдлэл, ханын хүрмэн бетон гулдмай, хайрга, дайрга, цемент, элс, хүрмэн чулуу, полистрол хөнгөн бетон зэрэг 8 нэр төрлийн 56 үзүүлэлтийг тодорхойлж байна.

 

2018 онд барилга угсралт болон материалын үйлдвэрлэл эрхэлж буй 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж, замын 2 компаний 100 гаруй дээжинд  сорилт шинжилгээ хийгдэж 11-р сарын байдлаар 2388180 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн ажилтны ур чадварыг сайжруулах хяналт тавих зорилгоор дотоод болон гадаад хяналтыг лаборатори хоорондын харьцуулалтанд төлөвлөгөөний дагуу Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори, ШУТИС-ийн барилгын материалын лаборатори болон Барилга архитектур корпорацийн лабораториудад элс, хайрга, хүрмэн чулуу, цемент, бетонон шооны дээжнүүдийг тус тус хамруулан үр дүнгийн харьцуулалтыг гарган ажиллаж байна.

 Мөн боловсон хүчнийг бэлтгэх дадлагажуулахад анхаарч БХБЯ-с зохион байгуулсан лабораторийн шинжээч бэлтгэх 2 үе шаттай сургалт, Солонгос улсад лабораторийн асуудал хариуцсан ажилтныг чадавхижуулах сургалт, төмөр бетон бүтээцийг үл эвдэх сорилтын аргаар гүйцэтгэх мэргэшлийн сургалтанд тус тус хамруулаад байна.

 

Цаашид каркасан барилга байгууламж их баригдаж байгаатай холбогдуулан /ган/ металл хийцийн лабораторийг байгуулах, барилгын материалын үйлдвэрлэл явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнд итгэмжлэгдсэн лабораторийн хяналтыг хэрэгжүүлэн тохирлын үнэлгээнд хамруулах, боловсон хүчнийхээ ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, дадлагажуулах, улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж барилга байгууламж орон сууц, олон нийтийн барилгад “тохирлын гэрчилгээ” авсан материал хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байна.

Санал асуулга

Танд уг сайт таалагдаж байна уу...

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР